December 20, 2011 - Posted by Melody - 3 Comments

Елка харахаар сэтгэл ерөөсөө хөдөлдөггүй шд. Дээр үед гацуур мөнгө олох нэгэн арга хэрэгсэл байсан болоод тэрүү, тэр чигээрээ хиймэл эд байсан болоод тэр үү, гацуур гэртээ чимэглэх тухай бодохоор нэг л ядаргаатай санагдаад байдаг юм. Ээж бид 2 тарчигхан амьдарч байхдаа гацуураа бүх сайхан орос хийцийн чимэглэлүүдийн хамтаар цөөхөн хэдэн төгрөгөөр зарж байж билээ. Танихгүй хүнд зарсан тулдаа хэнийд очсон нь бүү мэд. Нэг иймэрхүү. Ер нь л баяр ёслол гэхээр яагаад ч юм, үнэхээр төвөгтэй, ядаргаатай санагдана. Алба өнгөрөөхөөс өөр аргагүй мэт санагдана. Тэгтлээ их хөл алдах зүйлгүй. Дүү нараа гэсэн сэтгэлээр осолдохгүй салат малатхан хийж тавиад ширээгээ тойрч суудагсан. Энэ жилийн хувьд тийм ч зүйл байхгүй, баяраар 12 цаг ажиллана, бас шинэ оны эхний өдөр ажиллана.
October 20, 2011 - Posted by Melody - 5 Comments

Ямар гоё шинэ найзтай болсон гээч, тэврэлдээд хамтдаа хэвтэхэд ёстой сайхан байна даа, ялангуяа гадаа салхи исгэрээд өвлийн хүйтэнд өрхний оосор хийсэх үед юуг ч ажралгүй дулаан орон дотроо хэвтээд л, уншаад л, халуун орны эзэнгүй арал дээр, танихгүй хотын шуугиант гудмаар хэсээд л, эхнэр нөхрийн улиг болсон хэрүүлийг гайхашраад л… Нүд өвтгөхгүй, цэнэгээ бараг л хоёр сар барьдаг гэсэн шүү. Үүнийг надад авчирсан буянтай хүн зуун наслаг.
October 1, 2011 - Posted by Melody - 1 Comment

Хүнийг насан туршид нь тоо дагалдаж байдаг. Намайг тоо нэгдүгээр ангиас эхлэн боолчлох гэж оролдсон, би ч зөндөө л гүрийсэн боловч одоо ч тоон дунд л байсаар… Харин анзаараад байхад надтай наалдах дуртай нэгэн тоо байнаа. Тэр тоог ер анзаардгүй байсан ч шантралгүй намайг дагасаар л байгааг нь мэдээд жигтэй ч санагдах шиг. Учир юу вэ гэвэл, би 4-р сарын 2-нд төрсөн, бас 2 дүүтэй, ээжээсээ 2-лаа төрсөн, айлын хоёр дах хүүхэд, 4-р сургуульд сурч байсан, оюутан болоод 2-р дотуур байрны 2-р давхарт 222 тоот өрөөнд амьдарч байсан, одоо 2С-20 тоотод амьдарч байна гэх мэт энэ тоонууд нэг л биш ээ. Нэг л биш гэдэг нь миний араас тоо дагаад байна. Хот дах гэр маань 2-р эхэлсэн дугаартай байранд байдаг. Үүн дээр энэ бичлэгээ зогсоохоос өөр аргагүй, яагаад гэвэл энэ тоочимж эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Би 2-ны өдөр нас өөд болох байхаа.
July 14, 2011 - Posted by Melody - Comments Off

Ням гаригт үлэг гүрвэлийн чулуужсан мөр явж үзнэ. Би өөрөө ч бас үлэг гүрвэл ч юм шиг. Өрөөндөө шигдээд л. Ямарч нийгмийн амьдралгүй. Нийгэмших тэнхэл ч гүй. Ажил дээр заримдаа ингээд архиррмаарр ч юм шиг. Даанч дэргэд хүмүүс байгааг санаад амаа жимийгээд л… Үлэг гүрвэлийн мөр нэгийг өгүүлэх болов уу?
July 10, 2011 - Posted by Melody - 2 Comments

Нэгэнт л миний өдрийн тэмдэглэл л юм чинь юу ч хамаагүй бичихээр шийдлээ. Source Code гайхалтай кино үзэв. Давтан барин бараг хоёр удаа үзэв. Ингээд өөр хүний биед шилжээд амьдраад шинэ хувь заяа, шинэ заяа төөрөг, шинэ тавилантай учрахсан ч гэж бодогдлоо. Чамайг хайрласан харцаар хэн нэгэн харж “Хэзээ нэг хамтдаа кофе ууж сууя гэж урих бол гэж мөн ч их хүлээлээ дээ” гэж хэлвэл хичнээн сайхан мэдрэмж төрдөг бол. Одоо ч тэгэж хэлүүлэхээс өнгөрч дээ. Хөгширчихлөө. Ямартай ч хэсэг зуур ч гэсэн мөрөөдөх боломж олгосон Source Code-д баярлалаа. Гайхалтай ертөнц хаа нэгтээ байгаа хэмээн итгүүлэх шиг сайхан зүйл алга. Би итгэхийг хичээнээ…
June 4, 2011 - Posted by Melody - 2 Comments
“Үүргүй шувуу үүртэй нэгнийхээ тоглоом нь болдог” гэсэн үгтэй шүлгийг уншиж байж билээ тэр нэгэн жил. Аймаар үг ээ. Нээрээ л үүртэй шувууны тоглоом нь болоод хоёр дүүгээ дагуулаад нөхрөөсөө зугатаж байсан цаг саяхан юм шиг аймаар санагдчихлаа. Тэр үед хоёр дүүтэйгээ айлын хажуу өрөөнд нарийхан ганц хүний гудсыг шалан дээр хаяж курткануудаа нөмрөөд унтдагсан. Аяга таваг ч гэж байхгүй хуванцар, нэг удаагийн хэрэглээний аяга таваг айл өгснийг хэрэглэдэг байлаа. Хоёр дүүгээ тэгэхэд мөн ч их өрөвдөж байж билээ. Аймшигтай цаг үе байсан шүү бурхан минь…
June 3, 2011 - Posted by Melody - 1 Comment

Сайн байна уу, Блог минь. Ажил ажил гэсээр блогоо бичих ямарч завгүй байлаа. Ажил ярьмааргүй байгааг минь ойлгоорой. Бясалгал болон амьсгалын дасгалаа хийхийг л хүсч байна яг одоогийн энэ цаг мөчид. “Уурхайд байдаг гэр” буюу өрөөндөө ганцаар амьдрах болсондоо урамшиж, хамаг хана туургаа хэд хоногийн өмнө зүлгэж зүлгэж, цоо шинэ ширээ олж аваад, хоёр цоо шинэ сандал авчруулаад, интернетийн кабель утасаа 20 метр болгож шинэчилж уртасгаж аваад сайхан болоо сая нэг. Санаа сэтгэл өөдрөгөөр ажлаа тарж гэртээ ирэх хичнээн сайхан. Өрөө цэвэр цэмцгэр, эмх замбараатай, гэгээ татсан… Ширээн дээр хайртай өвгөн Лэптоп байж байх. Гэх мэт л байна даа миний уурхайн амьдрал. Одоо орон дээрээ ингэж суугаад бясалгалын ая сонсонгоо амьсгалын дасгал хийнэ. Тэгээд дараа нам унтана. Өглөө нэг мэдэхэд сэрүүлэг дуугарч энэтхэн ая намуухан эгшиглэнэ. Тэгээд сэрүүлгээ сунгасаар сунгасаар хоцрохын алдад арай ядан янцгаан босоод бас ч үгүй аальгүйтэж шүршүүрт орно. Тэгээд л ажил руугаа хэнэг ч гүй ажил хэрэгч царайлан алхана. Замдаа нэг янжуур зуугаад алхана, нэг бол ажилчдын гуанзаар дайрахдаа шарсан талх буюу тост, эсвэл зайдас ганц өндөгний хамтаар залгичхаад араас нь нэг их нялуун амттай шүүс хоёр аяга балгалаад гараад алхачихна. Тэгээд л том том дэлгэц дүүрэн оффистоо ороод л хоёр гурван утсан дунд эргэлдэж, компьютерын зэргэцсэн хоёр дэлгэцийн ээлжлэн ажиглаж, товчлууруудыг чимээ багатайхан товшихыг хичээн, өдөржингийн юм болно. Заримдаа уурсан бухимдахдаа гадагш ойр ойрхон гарч янжуураа татна. Ихэнхдээ тэрүүхэндээ мушилзан намбайн сууна. Заримдаа чихэвч ширээн дороос гарган ирж элдэв хөгжим сонсч толгойгоо гилжийлгэнэ. Гэвч тийм завтай өдөр мөн ч их ховор доо. Бясалгал танд ч бас амьдралын бэрхшээлийг давах хүч өгнө шүү. Блог минь сайхан нойрсоорой. Маргааш өөр нэгэн сайхан сэдвээр ярилцана шүү.
February 7, 2011 - Posted by Melody - 7 Comments

Шөнийн ээлжинд ажиллахад нэг их хэцүү зүйл огт алгоо. Нойр солигдох гэж ч нэг их зовсонгүй ээ. Орой босч ажилдаа явах гэж нэлээд янцаглана. Өдрийн ээлжинд явахад ч бас ялгаагүй л өглөө босох гэж тарчилдагсан. Нийт хорин найм хоног шөнийн ээлжинд ажиллахын гурван долоо хоног нь ард үлдлээ. Өдрийн ээжийг бодвол хүн амьтны хөл хөдөлгөөн бага тул тун амар. Үнэнийг хэлэхэд өдрийн ээлжинд ороход одоо яана даа гэсэн бодол бага зэрэг түгшүүр төрүүлнэ.
January 18, 2011 - Posted by Melody - 1 Comment

Засвар хийлгэхэд нэн тэргүүнд мэдрэлээ бэлтгээрэй дээ. Эрүүл саруул мэдрэлийн системтэй байж эхлэхгүй бол хэд хоногийн дараа та сохор доголон, уур хилэнтэй, ер ямарч болж магад юм шүү. Миний хувьд засварын ажлыг эхлүүлэхдээ зүгээр нэг таазаа янзлуулаад ханын цаасаа солиулна гэсэн бодол маань хормын төдийд засварчин бүсгүйчүүдийн ятгалтаар хувиран 6 хаалга солих, шал паркетлах гэх мэт баяжиж гүйцсэн юм даа. 5-6 хоног хийлгэх төлөвлөгөөтэй байсан засвар маань үндсэндээ 12 хоног ч юмуу үргэлжилсэн. Аймшигтай. Хоёр дүүгийн шалгалтууд давхцаад. Засвар дуусахын алдад гэхэд би гэдэг хүн нэг мэдэхэд Нарантуул зах дээр нулимсаа дуслуулаад барилгын материал дунд зогсож байсан удаатай, хоёр гартаа барьсан юмаа даахгүй, хоёр хөл хөлдөх шахсан гэх мэт байдалтай… За тэр гунигтай өдрүүдийг яриад яахав, мартая. Бар жил хурдан дуусаасай, хичнээн ч их нулимс бардаг хатуу жил вэ дээ…
Ханын цаас сонгоход хүртэл учир байдаг юм байна лээ шүү. Энэ боломжийг ашиглаад засвар хийхэд маань дэмжиж тусалсан бүх найз нөхөддөө маш их баярлалаа. Сэтгэл зүрхээрээ хамт байсан та нарын минь урам дэмжлэгээр л би гэдэг хүн хөхөө өвлийн хүйтэнд гүйсээр байгаад л хамаг ажлаа амжуулсан шүү дээ. Унтлагын өрөөний маань ханын цаас нэг иймэрхүү болсон. Хээ нь үнэхээр их таалагдсан. Манайд зочлохдоо үзээрэй.
December 1, 2010 - Posted by Melody - Comments Off
Хийх юм уг нь зөндөө л байна. Даанч орой ажил тарж ирчхээд ямарч сэдэл тэмүүлэл үгүй, орон дээрээ хэвтээд л чихэвчээрээ чихээ бөглөж кино үзээд л. Аймаар залхуу болоод байнаа, хэрэг алга. Өдөрт ядаж 8 цаг ажилладаг байсан бол ч ёстой гоё зав ихтэй байх байсан байх даа. Одоо амарч гэртээ хариад яана даа, засвар хиймээр байдаг. Гайхаад бардаггүй ээ. Яаж ер нь хамаг ажлаа амжуулна даа. Бүү мэд. Ер нь хоногийн 2хон цагт нь унтаж болдог бол сайхан сан. Даанч 10 цаг ажиллачхаад 2хон цаг унтана гэвэл ёстой долоо хоногийн дараа шууд мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэнэ биз. Ингэхэд бид нээрээ шөнө ажиллах болсон шүү дээ. Ямар сонсогдож байна? Шөнө хэр их бүтээмжтэй ажилладаг бол?
November 18, 2010 - Posted by Melody - Comments Off

Энэ газрыг та нар таньж байна уу? Би арай гэж л оллоо шүү дээ Гүүглээр. Эйфэлийн цамхаг. Нэг франц хүн Эйфэлийн цамхгаас 1912 онд билүү дээ үсэрч унаж буй бичлэгийг олж уншсан юм. Тэр хүн амьхандаа шүхэр зохион бүтээсэн оёдолчин эр байжээ. Гэтэл зохион бүтээсэн шүхэр нь задраагүй тул газар унаж амьсгал хураасан байна. Тэндээс үсрэхийн тулд маш олон сар Парисын Цагдаагийн албанаас зөвшөөрөл гуйсан юмсанж. Гэтэл цаадуул нь эцэс сүүлдээ зөвшөөрөл өгөхдөө оёдолчныг шүхэрнээсээ хиймэл хүн дүүжлээд шүхрээ турших байх гэж бодсон гэнээ. Аймаар тэнэг. За энэ удаагийн яриагаа үүгээр төгсгөе дөө. Нэг л гунигтай, бүтэлгүйтэлтэй холбоотой бичлэг болчихлоо.
November 17, 2010 - Posted by Melody - Comments Off

Тайлбаргүй нийтлэхээр шийдэв.
November 17, 2010 - Posted by Melody - Comments Off

Онгоцны цонхоор харахад тэнгэрийн хаяа, тэртээ доор буй айлын намаржаа, тал тал тийш татсан сумнууд мэт цэх шулуун, нэг бол мурилзан алга болсон замууд хамгийн сайхан харагдана. Даанч зургийн аппаратны хүчин чадал үнэнхүү мөхөсдөнө.

November 17, 2010 - Posted by Melody - Comments Off

Өмнө нь та нарт хэлж байсан даа, ажлын интернет блог руу ордоггүй гэж? Тэгвэл өнөөдөр интернетийн алдааны өдөр буюу блогийг блоклодоггүй, миний хосгүй баярын өдөр. Найз Оюунаагийн төрсөн өдөр өчигдөр болсон, найз Цаагий маань 5 кг гаруй жинтэй хөвгүүн төрүүлсэн, найз Туулын охин Хулангийн төрсөн өдөр болсон гэх мэт сайхан үйл явдлууд тохиолдож байна ойрд. Харин энэ үйл явдлуудаас өмнө нь би гэдэг хүн 3 долоо хоног орчим хугацаанд нэлээдгүй бухимдалтай гүйсээн, юуг нь нуух вэ. Дүү маань хөлөө гэмтээж гипсдүүлээд, нөгөө дүү маань урлагийн үзлэгтээ оролцож байхдаа өмдөө алга болгочхоод шилэн трико юбкатай хөхөө өвлийн шахуу хүйтэнд гэртээ харих гэж уур хүргээд гэх мэт бухимдах зүйл зөндөө л байлаа. Дүүгийн сургууль урлагийн үзлэг гээч юмаа 2 сарын хугацаанд бэлдүүлээд, дүү өглөө 6:30-д гараад орой 10 цагт орж ирсээр сүүлдээ бараг сульдаж гүйцсэн байхаа. Гол нь ийм урлагийн үзлэг, бүжиг танцаар занималдуулах гэж дүүгийнхээ сургалтын төлбөрт сая шахам төгрөг зарлагадсан гэж үү? Гэх мэт. Байраа худалдаж авчхаад айл нүүхийг хараад бас нэг хэд хоног харзнав. Хөөгөөд байлтай биш. Гэтэл нөгөө айл нь нүүх битгий хэл утас шөрмөсөө ч авалгүй тэвчээрийг маань сорив. Ямар “азаар” ОСМО-гоор дамжуулж зарагдсан байр байсан юм, нөгөө ОСМО-гийн охин руу утасдаж, мсждэж, дарамталсаар арай гэж нөгөө айлыг нүүлгэтэл яасан гээч. Хамаг гэрлийн патронуудаа тэр чигээр нь тасдаж огтлоод таазнуудаас унжсан хэдэн сарзайсан цахилгааны утаснууд унжуулаад, овоо аятайхан харагдаж байсан шалныхаа хулдаасыг хуу татаж аваад яваад өгчээ. Байр гэрлийн мөнгө тушаасан квитанцаа хүлээлгэж өгөлгүй бас нервээр наадсан. Ер нь хөгшин настай хүмүүст баймааргүй, муухай, буянгүй зан гаргасан даа тэр айл. Тэгээд яахав, нүүж орох тулахад нэг дүү гипстэй хөлтэй догонцсон, нөгөө дүү нь урлагийн үзлэг давтсаар тамир тэнхээгүй болсон, бас 2лаа битүү ханиадтай… би болохоор энэ зурган дээр гарсан газар байгаад байдаг… Олон түмний буян гэгчээр найз нөхдийн тусламжтайгаар нэг юм нүүдэл суудлыг зохицуулсан даа. Одоо дараагийн ээлжинд засвар. Гал тогоонд паркет уу, плита юу гэх мэт. Паркет хэдэн төгрөгөнд тусах бол гэх мэт. Амралтаар амарч чаддаггүй хүн одоо амрахаараа засвартай ноцолдох нь дээ. Гэхдээ өөрийн гэр орноо тохижуулах юм чинь зүгээр дээ, харин ч аз жаргалтай. Өөр чинь хэлж ярих юм юу билээ? Аан тийм, засвартай холбоотой мэдээлэл, зөвлөгөө байвал welcome.
October 27, 2010 - Posted by Melody - Comments Off

Хүлээсээр л. Утас дуугарахыг. Банкны залуу утасдахыг. Байртай болохыг. Говь руугаа буцахыг. Амьдрал өрнөхийг. Аз жаргал ирэхийг. Гэхдээ хүлээлт өөрөө бас аз жаргалтай ч юм шиг. Хүлээх зүйлтэй байх сайхан ч юм шиг. Хүлээх сайхаан… Бас хөнгөн гунигтай. Ганцаар хүлээхийг сайн мэднэ. Хэн нэгэнтэй хамт хүлээвэл бүүр ч сайхан байх даа…
October 22, 2010 - Posted by Melody - 2 Comments

За иймэрхүү зүйл мөрөөдөхөөс өөр аргагүй боллоо. Унтлагын өрөөгөө иймэрхүү өнгө аястайгаар тохижуулах талаар мөрөөдөх минь тун удахгүй биеллээ олох нь. Орон дээрээ өөрийн гэсэн өрөөндөө тарвалзаж хэвтэх тэр мөчийг улам хурдлуулмаар байна…
October 21, 2010 - Posted by Melody - Comments Off

Хүсэн хүлээсэн амралт минь ирж, нэгэн дүүгийн зөвлөсний дагуу хоёр дүүгээ дагуулаад Тэнгист кино үзэв. Кино гайгүй таалагдсаан. Сургуулийн манаач аймшгийн кино үзээд айгаад байдаг хэсэг нь таалагдсан. Бусад нь гэвэл… Өөскө жүжиглэлт сайтай юмаа. Эмэгтэй нь хэн ч юм, их сайн гангалсан байх юм хөөрхий. За тэгээд гурвуулаа пицца идчихээд гэртээ ирээд би нэтдээ л суулаа даа. Мартсанаас, кино гарахын өмнө хүчээр сурталчилгаа үзүүлээд байгаа нь үнэхээр таалагдаагүй. Тэр киног үзэх гэж цаг заваа гаргаад, очоод сууж байгаа хүн чинь сурталчилгааг гэртээ зурагтаар ямарч үнэ төлбөргүй үзчихдэг шүү дээ. Гэтэл мөнгөө төлөөд реклам үзээд суух ч гэж… Арай ч дээ гэхээс өөр хэлэх үг алга. Өөскөгийн жүжиглэлтэнд уяраад гарч ирээд хэрүүл хийнэ гэж бодож байснаа бүүр таг мартсан байна лээ.
October 10, 2010 - Posted by Melody - Comments Off

За за сүүлдээ бүр юм ч бичихээс дургүй хүрдэг болжээ: хэн нэгэнд зориулж бичдэггүй тулдаа л байх юм. Ямарч сонирхол алга. Албан тушаал дэвшээд, цалингаа нэмүүлээд, шинэ сайхан ажлын байран дээр очсон нь хэдий баярлууштай ч гэлээ, цаанаа л нэг зүйл үгүйлэгдсээр. Тэр юу болохыг өөрөө ч мэдэхгүй л байна. Түр баяртай.
September 29, 2010 - Posted by Melody - Comments Off

Гурван ч ажлын санал авлаа. Хамгийн сэтгэл татам саналыг нь хүлээн авлаа. Аялалтай холбоотой ажил гэж л товчхон тайлбарлая даа. Ямартай ч алаг тахь шиг амьдралын цагаан зураас нь эхэлж байгаа юм болов уу ч гэж бодох шиг ээ. Эзний оффист сууж, сэтгэл тайван, өөдрөгөөр ажлаа хийх цаг туйлын ойрхон байна. Түүнээс гадна өнөөдөр бас блог руу орж болж байна, гайхалтай зүйлс их тохиолдож байнаа.
September 25, 2010 - Posted by Melody - 1 Comment

Өнөөдөр ямар гайхалтай өдөр вэ! Гэнэт блогруугаа ороход цаанаас нь блоклохгүй зүгээр байх юм. Ингээд өдөрт ядаж хэдэн минут компаний хорио цээр суларч байвал хичнээн жаргалтай байхсан… Сүүлийн хэдэн сар усанд хаясан чулуу шиг байсанд уучлаарай, Блог минь. Үнэхээр их ганцаардаж, уурлаж, бухимдаж байсныг хэлэх нь илүүц биз. Ажил маш их байдаг тул оройн цагаар блогтоо тэмдэглэл бичих нь үгүй юм. Говь нутагт сэрүү бууж, өглөө оройдоо жиндүүхэн байх нь ихэслээ. Саарал бороо бүхнийг нөмөрч, нэлээд хэдэн өдөр шөнө тэнгэр уйлагнав. Салан одох гэж буй зуныг битгий яваач гэж гуйх мэт. Миний сэтгэл говийн салхи мэт чиглэлээ үе үе өөрчлөн, өдөрт мянга түмэн төрлийн бодол орж ирж зүрхийг нэг бол чанга түргэн, нэг бол сул намуухан цохилуулна. Ээжийгээ бурхан болсны дараа хэдэн сарын туршид хэнд ч хэрэггүй бөгөөд хэнд ч хамааралгүйгээ дэндүү ихээр мэдэрч, компьютерынхаа өөдөөс харан нууцхан уйлж, ажлынхандаа мэдэгдэлгүйгээр нулимсаа арчиж суусан нь олон. Уйлаад нулимс нуур болдоггүй нь үнэн юм хойно улам л сэтгэлээ чангалан, инээмсэглэх гэхэд нүүрний булчин татвалзан чангарч, мурий инээмсэглэл тодруулсандаа ичиж харцаа буруулж байсан нь дэндүү олон. Нэг хэсэг сэтгэл дэндүү хоосон, дэндүү харанхуй байсан нь улам л газар авч байгаа болов уу гэмээр хачин мэдрэмж төрнө. Гэхдээ л зүрхнийхээ угт… би нөгөө л муужгай хэвээрээ ч юм шиг.